ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СУДЛААЧДЫН Х ФОРУМ БОЛЛОО

ШХАБ судлаачдын Х форум ОХУ-ын Ханты-Мансийск Югра автономит тойргийн Ханты-Мансийск хотноо 2015 оны 03 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр болж өнгөрлөө.  2015 онд тус форумыг даргалж байгаа ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн дэргэдэх ШХАБ судлалын Төвөөс тус хуралдааныг зохион байгуулав.

Форумыг нээж тус их сургуулийн захирал А.Торкунов, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Моргулов, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мезенцев, Ханты-Мансийск Югра автономит тойргийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Н.Комарова нар  үг хэллээ.

Энэ удаагийн форумд ШХАБ-ын гишүүн улс, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орны ШХАБ судлаач, шинжээч нийт 80 гаруй хүн оролцжээ. Тус форумын үеэр судлаачдаас дэвшүүлсэн тодорхой саналыг гишүүн улсуудын засгийн газар, холбогдох байгууллага болон ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт уламжилдаг юм.

ШХАБ судлаачдын Х форумд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн хүрээлэнгийн Орос, Төв Азийн судлалын төвийн судлаач Н.Сарантуяа оролцож ШХАБ-ын ажиглагч орны хувьд Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжтой эдийн засаг болон боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэн зарим саналаа илэрхийллээ.