ЕАБХАБ-ЫН ЦЭРЭГ – УЛС ТӨРИЙН МӨРДЛӨГИЙН ДҮРМИЙН ТАЛААРХ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/” Аюулгүй байдал, хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг 2015 оны эхний 4 сар даргалж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх төвтэй хамтран Цэрэг-Улс төрийн мөрдлөгийн дүрмийн /Code of Conduct/ асуудлаар бүс нутгийн бага хурлыг гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус бага хурал ЕАБХАБ-ын цэрэг, улс төрийн ажиллагаанд баримтлах дүрмийн талаар ЕАБХАБ-ын гишүүн Төв Азийн болон хамтын ажиллагааны Азийн түнш орнууд /Япон, БНСУ, Тайланд, Афганистан, Австрали/-ын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг бататгахад чиглэсэн юм. Бага хурлаар ардчилсан нийгэм дэх зэвсэгт хүчний болон аюулгүй байдлын хүчний гүйцэтгэх үүрэг, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, аюулгүй байдлын салбарын шинэчлэл, зэвсэгт хүчний албан хаагчдын эрхийн асуудал, аюулгүй байдал, зэвсэгт хүчинд тавих ардчилсан хяналт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогч улсууд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар санал солилцож, танилцуулга, мэдээлэл хийлээ.

Бага хуралд 16 улсын Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамд, Зэвсэгт хүчин, хууль тогтоох болон эрдэм шинжилгээний байгууллагын ахлах албан тушаалтнууд оролцсон юм.

Уг хуралд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаачид оролцож, Улаанбаатарын яриа хэлэлцээний талаар танилцуулав.