“АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД ДАХЬ НАТО-ГИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс 2012 онд НАТО-гийн даяарын түнш болсон бөгөөд тус байгууллагын “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөр Монгол Улсын ШУА-тай хамтран “Мэдээллийн технологийн аюулгүй байдал”, “Цэргийн зориулалттай газрын эрүүл ахуйн одоогийн төлөв байдал” сэдэвт хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн явцтай танилцах зорилгоор НАТО-гийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, олон нийтэд зориулсан мэдээллийн арга хэмжээг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр одоо хэрэгжиж буй дээрх хоёр төслийг явц, үр дүнгийн талаар танилцуулсны зэрэгцээ Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн НАТО-гийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийн хүрээнд  2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх “Ази, Номхон далайн орнууд дахь НАТО-гийн талаар ойлголт” төслийг монголын олон нийт, эрдэмтэн, судлаачдад танилцуулсан байна. Уг төсөл нь Австрали, БНСУ, Монгол, Шинэ Зеланд, Япон улсад нэгэн зэрэг явагдах бөгөөд НАТО-гийн даяар түнш эдгээр улсад тус байгууллагыг хэрхэн ойлгож, хүлээн авч байгааг судлах, дүн шинжилгээ хийх зорилготой юм.