"Төв, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчны өнөө ба хэтийн төлөв: Улаанбаатар-Шинэ Хельсинк" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Стратегийн судалгааны хүрээлэн, Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвтэй хамтран “Төв, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчны өнөө, хэтийн төлөв: Улаанбаатар–Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо ГХЯ-ны “Зөвшилцөл” олон улсын хурлын танхимд 2009 оны дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хурлын ажиллагааг ҮАБЗ-ийн ССХ-ийн захирал, бригадын генерал Б.Даваадорж нээж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд П. Фишер, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Н.Хилл, Жорж Маршаллын төвийн орлогч захирал, хошууч генерал Ж.Граебнер, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны ахлах түшмэл ноён Ф.Скарпа нарын хүндэт зочид үг хэлэв.


Энэ бага хурлын зорилго нь Төв Ази, Зүүн Хойд Азийг холбон орших манай улсын гео-стратегийн онцлог, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулахад оруулж болох бодит хувь нэмэр, нөхцөлийг олон улсын судлаачдын хамтаар шүүн хэлэлцэхэд оршиж байгаа юм.

Тус бага хуралд Монголын талаас УИХ, Засгийн газрын гишүүд, бусад холбогдох байгууллагын 70 гаруй эрдэмтэн, судлаачид, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Канад, АНУ, Казахстан, Узбекстан, ХБНГУ, БНФУ, Финлянд, Швейцарь, Швед, Итали, Израиль, БНТУ зэрэг 23 улсын 40 гаруй эрдэмтдээс гадна  гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, ЭСЯ-ны ажилтнууд оролцож байна. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Ф.Скарпа, Хельсинкийн яриа хэлэлцээний үед чухал үүрэг гүйцэтгэсэн Финляндын доктор М.Рэймаа, Орос болон Германы Монгол судлаач эрдэмтэд, Зүүн Хойд Азийн бүс нутаг, тэдний дотор гадаадын манай улсын онцлогийг сонирхон судалж буй шинэ залуу судлаачид ирсэн байгаа юм.

Гадаадын судлаачдын сонирхлыг татаж буй манай улсын төвийг сахисан, энх тайван ч гадаад бодлого, байр суурийг дэлхийн улс орнуудад таниулах, улмаар бүс нутгийн хамтын ажиллагааны төв болох боломж, нөхцөлийн талаар хэлэлцэх тус бага хурал нь Төв, Зүүн Хойд Азид тулгарч буй аюулгүй байдлын сорилтуудыг судлах, аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм байгуулсан Европын туршлагыг хэлэлцэх, Төв болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизмын төлөвшлийг дүгнэж, эцэст нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг, байр суурийг тодорхойлохыг зорино.

Энэ ч утгаараа Улаанбаатар хот Төв болон Зүүн Хойд Азийн хувьд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны шинэ талбар буюу “Шинэ Хельсинк” болох боломжийг онолын хувьд тодорхойлон дэвшүүлэх, практик ач холбогдлыг томъёолохыг манай судлаачид эрмэлзэж байна.  


СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН
2009 оны 4 дүгээр сарын 20