Холбоосууд

president.mn

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн 2010 оны хоёр дахь уулзалт 3 дугаар сарын 17-нд болж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В.Самойленко зочноор уригдан оролцлоо. Элчин сайд Самойленко Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж явуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн 2010 оны анхны зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Үй Хуняо уригдан оролцлоо. Энэхүү уулзалт ярилцлага 2010 оны 2 дугаар сарын 25-нд ССХ дээр болж, Элчин сайд Үй Хуняо олон улсын нөхцөл байдал, Хятадын дотоод гадаад бодлого, Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Үүний дараа нь ноён Элчин сайд судлаачдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулж, илэн далангүй ярилцлаа.

МОНГОЛ ДАХЬ “ЖҮСӨНЬ” НИЙГЭМЛЭГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол дахь “Жүсөнь” нийгэмлэг Солонгосын ард түмний их удирдагч Ким Чен Ирийн мэндэлсний ойд зориулан 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ССХ-ийн хурлын зааланд уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа. Уг уулзалтад БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Чоль Гван, Элчин Зөвлөх Ким Сок Хо нар хүрэлцэн ирж оролцов.

"МОНГОЛ УЛС БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛОВ

Монголын зүүний хүчний холбоо санаачлан ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран “Монгол улс ба Үндэсний аюулгүй байдал сэдэвт онол практикийн хурал”-ыг 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингис зочид буудлын хурлын зааланд зохион байгууллаа. Уг хуралд ССХ-ээс Нийгэм-эдийн засаг судлалын секторын дарга Р.Батмэнд, Олон улс судлалын секторын дарга О.Машбат нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хурлын төгсгөлд санал зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болов.

НЕМО-2 ТӨСЛИЙНХӨН ТАНИЛЦУУЛГА ХИЙВ

Дэлхийн банкны НЕМО-2 төслийн хүрээнд Google earth-ийг танилцуулах семинарыг уг төслийн багийнхан 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ССХ-ийн хурлын зааланд зохион явууллаа.