Танилцуулга

       ТОВЧ ТҮҮХ

1990 оны 2-р сард БХЯ-ны сайдын тушаалаар Цэргийн түүхийн хүрээлэн (өнөөгийн БХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн) - гийн дэргэд орон тооны бус Стратегийн судалгааны төвийг байгуулсан. 

1990 - 1992 онд Стратегийн судалгааны төвийн судалгааны ажил нь дэлхий нийтийн болон бүс нутгийн цэрэг - улс төрийн байдал, Монгол Улсын цэргийн аюулгүй байдлын гадаад орчныг батлан хамгаалах бодлого, төрийн цэргийн байгуулалтын шинэчлэлтэй холбон судлах, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын тулгамдсан хийгээд хэтийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох үндэслэл, санал зөвлөмж боловсруулахад чиглэж байжээ.

БХЯ-ны сайдын 1992 оны  5-р сарын 02 - ны өдрийн тушаалаар “Олон улсын болон үндэсний аюулгүй байдлын хүчин зүйлсийг судалж, дүн шинжилгээ хийх, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогын зарим чухал асуудлын талаар санал зөвлөмж, илтгэл, дүгнэлт, судалгаа шинжилгээний материал, бүтээл боловсруулах” чиг үүрэг бүхий орон тооны Стратегийн судалгааны хүрээлэн болгон өргөтгөн зохион байгуулсан байна.  

Улмаар 90 - ээд оны дунд үеэс судалгааны ажлын хүрээгээ өргөжүүлж, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, батлан хамгаалах салбарын олон улсын хамтын ажиллагааны асуудлыг Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх ашиг сонирхлын үүднээс судлах болжээ.

Тус хүрээлэн нь өнгөрсөн хугацаанд өмнөө тавигдсан үүргийг шаардлагын түвшинд амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон бэхжсэн байна.

       ШИНЭ ШААРДЛАГА

XXI зууны эхээр олон улсын харилцаа, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарсан эрс өөрчлөлт, эдгээрээс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд шинээр бий болсон дотоод нөхцөл байдал, улс орны хөгжлийн хандлага, хэтийн төлөв нь тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын агуулга, үйл ажиллагааны хүрээг өргөтгөн аюулгүй байдлын бусад асуудал, түүний дотор эдийн засаг, нийгэм, байгал орчин, мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлж болох олон талт хүчин зүйлсийг судлахад анхаарах зайлшгүй шаардлагыг бий болгосон юм. 

Энэ үндсэн дээр 2006 оны 5 сард  тус хүрээлэнг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харъяалалд шилжүүлэх тухай Засгийн газрын  тогтоол гарч эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн чиглэл, агуулга, технологийг өөрчлөн шинэчлэх, өндөр хөгжсөн орнуудын аюулгүй байдлын болон стратегийн судалгааны хүрээлэнгүүдийн жишигт ойртуулан хөгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

       ЭРХЭМ ЗОРИЛГО

Үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа, улс орны хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулахад бодитой дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад стратегийн судалгааг хөгжүүлэх.

       ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Дэлхий нийтийн болон бүс нутгийн улс хоорондын харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эерэг, сөрөг хүчин зүйлсийг цогцоор судлан дүн шинжилгээ хийх, төрийн бодлогын стратегийн чиглэлийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангах.

       ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

-       Олон улсын аюулгүй байдлын онол, эрх зүй, түүхэн туршлага;

-       Улс орны аюулгүй байдлын гадаад орчин, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс;

-       Ардчилсан нийгэм, үндсэн хуульт байгууллын хөгжил, сорилт;

-       Олон улсын цэрэг - стратегийн байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа.

       ХЭВЛЭЛ, НИЙТЛЭЛ

 Тус хүрээлэн нь дараах төрлийн сэтгүүл, эмхтгэл болон судлаачдынхаа бүтээлийг хэвлэн гаргах ажлыг эрхлэн явуулж байна.

Үүнд:

  1. “Стратегийн судалгаа” - улирал тутам гардаг сэтгүүл. Аюулгүй байдал, олон улсын харилцаа, батлан хамгаалах зэрэг салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаач, мэргэжилтний бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлэн нийтэлнэ.
  2. “Regional Security Issues and Mongolia” - англи хэлээр хэвлэгдэн гардаг эмхтгэл. Тухайн жилд нийтэлсэн эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, чухал хурлын материалыг эмхэтгэсэн орчуулгыг энд хэвлэнэ.
  3. “Олон улсын байдал ба Монгол Улс” жил тутмын тойм. Тухайн жилд бүс нутагт болсон үйл явдалд дүн шинжилгээ хийж, нөлөөлж болзошгүй гадаад хүчин зүйлийн хувьслыг тоймлох бүтээл юм.
  4. Суурь судалгааны үр дүн, бусад холбогдох мэдээллийг эмхэтгэж, шийдвэр гаргагчид, олон нийтэд зориулан гаргадаг бусад хэвлэмэл ном.

       МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ССХ-ийн дэргэд “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийг 2010 оны 4 дүгээр сарын 15-нд байгуулсан.

Бодлогын зөвлөл нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар хүрээлэнтэй хамтран төрийн бодлого боловсруулагчдад зориулсан зөвлөмж гаргах, хурал, уулзалт зохион байгуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр ажиллана.

Монгол Улсын төрийн бодлого боловсруулагчид болон иргэдийн гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудыг зөвлөмж, зөвөлгөөгөөр дэмжихэд Зөвлөлийн үндсэн зорилго оршино.

Тус зөвлөл нь Монгол Улсын шилдэг эрдэмтэд, чадварлаг дипломатууд, төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан төрийн зүтгэлтнүүдийг эгнээндээ нэгтгэнэ.

       ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДААД ХАРИЛЦАА  

д/д

Орон

Хүрээлэнгийн нэр

Монгол нэр

Харилцаа тогтоосон он

1

БНХАУ

China Institute for International

Strategic Studies

Хятадын Олон улсын стратегийн судалгааны нийгэмлэг

1995

2

Олон Улсын

Council for Security and Cooperation

in Asia & Pacific

Ази, Номхон далайн аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөл

1996

3

АНУ

Asia Pacific Center for Security Studies

Ази, Номхон далайн аюулгүй байдал

судлалын төв

1998

4

Швед

Stockholm International Peace

Research Institute

Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн

1998

5

Япон

National Institute for Defense Studies

Үндэсний батлан хамгаалах судлалын хүрээлэн

2000

6

ХБНГУ, АНУ

George C.Marshall European Center for

Security Studies

Жорж Маршаллын нэрэмжит Аюулгүй байдал судлалын Европын төв

2003

7

БНЭУ

Institute for Defense Studies and Analysis

Батлан хамгаалах судлал,

дүн шинжилгээний хүрээлэн

2008

8

Олон Улсын

International Institute for Strategic Studies

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн

2009

9

БНТуркУ

Center for Strategic Research

Стратегийн судалгааны төв

2009

10

БНХАУ

China Institute of Contemporary

International Relations

Хятадын Орчин үеийн олон улс

судлалын академи

2009

11

БНАСАУ

Korean Association of Social Scientists

Солонгосын Нийгэм судлалын нийгэмлэг

2009

12

ОХУ

Российский Институт

Стратегических Исследований

Оросын Стратегийн судалгааны хүрээлэн

2010

13

БНСУ

Korean Institute of National Unification

Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэн

2010

14

БНАСАУ

Institute of International Problem Studies

Олон улсын асуудал судлалын хүрээлэн

2011

15

БНСУ

Institute for National Security Strategy

Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэн

2011

16

БНСУ

The Institute of Foreign Affairs and

National Security

Гадаад харилцаа, аюулгүй байдлын хүрээлэн

2011

17

Япон

Takushoku University Institute of

World Studies

Такушоку их сургуулийн

Далайн чанад судлалын хүрээлэн

2011

18

БНКиргизстанУ

National Institute for Strategic Studies

Үндэсний Стратегийн судалгааны хүрээлэн

2011

19

Япон

ERINA /The Economic Research Institute for Northeast Asia/

Зүүн Хойд Азийн эдийн засгийн

судалгааны хүрээлэн

2012

20

Япон

The College of Policy Science at

Ritsumeikan University

Рицумэйкан их сургуулийн

Бодлогын судалгааны сургууль

2012

21

БНФУ

Delegation aux Affaires Strategiques, M.D.

БХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газар

2012

22

БНПУ

Centre for Eastern Studies

Дорно дахины судлалын төв

2013

23

БНПУ

Biuro Bezpieczenstwa Narodowego Polska

Үндэсний аюулгүй байдлын товчоо

2013

24

БНТуркУ

BILGE Center for Strategic Studies /BILGESAM/

Истанбулын стратегийн судалгааны төв

2013

 

       ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

 ССХ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2011 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр байгуулан ажиллаж байна.

Хамтын ажиллагааны зорилго нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хийж буй судалгааны ажлын уялдааг хангах, мэдээлэл харилцан солилцох; үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан санал, зөвлөмжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын хүчин чармайлтыг уялдуулан нэгтгэхэд оршино.

Санамж бичигт нэгдсэн байгууллагууд

-       Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн;

-       МУИС, Олон улсын харилцааны сургууль;

-       Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн;

-       ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн;

-       Үндэсний тагнуулын академи;

-       Үндэсний хөгжлийн хүрээлэн;

-       Хууль зүйн үндэсний хүрээлэн;

-       ШУА, Олон улс судлалын хүрээлэн;

-       Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.